2008-03-27

Earth Hour 2008

2008 оны 3-р сарын 29-нд үдээс хойш 8 цагт (8.pm) дэлхийн хүмүүс маань амьдарч байгаа эх дэлхийдээ нэг цагийг (60 минут) зориулах гэж байгаа юм байна. 

Ингэхдээ бүтэн нэг цагийн туршид дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй айл өрх, албан байгууллага, үйлдвэрүүд үйл ажиллагаагаа түр зогсоон дэлхийн дулаарал, байгалийн бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулах гэнэ.

Энэ үйл ажиллагаа нь 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд, өнгөрсөн жил анх удаа Австралид зохион байгуулагдахдаа Сиднэй хотын агаарын бохирдолыг 5%-аар багасгасаж, цахилгааны хэрэглээ10.2%-аар буурсан байна. Өнгөрсөн жил 2270 байгууллага, 68506 хувь хүн оролцсон бол, энэ жил (3-р сарын 28-ны өдрийн байдлаар) 18,562 бизнэсийн байгууллага 253,020 хүн оролцохоо мэдэгджээ.


Энэ үйл ажиллагаанд оролцож байгаа компаниуд нь дэлхийнхээ эрүүл байдлын төлөө хувь нэмрээ оруулахын хажуугаар өөрсдийн нэрийг олонд дуулгаж, хэрэглэгчид, ард иргэдийн дунд сайн нэр хүнд олох гэсэн давхар стратеги ч мөн явагдаж байгаа юм. 

УБ хот маань энэ үйл ажиллагаанд оролцоод дараа гарах үр дүнг нь харвал ямар ч байсан эерэг тоо гарах нь маргаан үгүй. 

Уг нь оролдоод үзвэл ...

2008-03-11

ХАВАР ИРЛЭЭ ШҮҮ ЗАЛУУСАА! ХАНЦУЙГАА НЭГ ШАМЛАХ УУ ?!

Энэ 60 настай өвөөгийн ярианаас авууштай, бодууштай юм ямар их байна гээч!

Баянзүрх дүүргийн Тээвэрчдийн гудамж буюу бидний нэрлэж заншсанаар зүүн дөрвөн замаас хойш Мамбадацан хийд рүү өгссөн төв зам байдаг. Энэ замын баруун талд 11а байрны ойр орчноо тэтгэврийн хөгшин өөрийн зардлаар зүлэг, мод тариад нэлээд удаж байгаа гэж сонсоод тэр буянтантай уулзлаа.

-Сайн байна уу? -Та өөрийгөө болон гэр бүлээ танилцуулаач. Хэзээнээс ойр орчнынхоо ногоон бүсэд анхаарал тавих болов?
-Намайг Ц.Дашжамц гэдэг. Говь-Алтай аймгийн Тайшир сумынх. Цэргийн газар ажиллаж байгаад тэтгэвэрт гараад 11 жил болж байна. Армийн бэлтгэл дэд хурандаа. Нас 60 дөхөж явна. Эхнэр, гурван хүүхэдтэй. Манайх энэ байранд 2002 онд нүүж орсон юм. Социализмын үед тарьсан хэдэн улиасыг эс тооцвол ямарч зүлэг, цэцэг, мод байхгүй шороо тоос бужигнасан газар байсан. Тэгээд л байрныхаа ойр орчмыг тохижуулах тал дээр анхаарал тавьж эхэлсэн. Ах нь улсын хөрөнгөөр хоёр ч сургууль төгссөн учраас улсдаа өртэй гэж бодож явдаг шүү. Ногоожуулах ажил иргэн бүрийн ажил гэж би боддог. Ганц дан СӨХ-ийн ажил биш юм.

-Цэргийн байгууллагад ажиллаж байсан танд мод, цэцэг тарих талаар мэдлэг хэр байв даа?
Эхэндээ ч нээрээ мэдлэг байгаагүй. Энэ талын ном, сонин, сэтгүүл цуглуулж зарим нэг хүнээс зөвлөгөө авч ажлаа эхэлсэн. Одоо бол хэрийн агрономичоос дутахааргүй туршлага хуримтлуулсан гэж болно.

-Энэ хугацаанд хэчнээн хэмжээний газрыг хэдэн төгрөгөөр зүлэгжүүлж мод тарьсан бэ?
-Нийтдээ нэг га орчим газрын хөрсийг боловсруулж мод, зүлэг, цэцэг тарьсан. Төмөр хашаа хийж хамгаалсан, мөн зарим нэг газрыг цементэлсэн. Ойролцоогоор найман сая орчим төгрөгийн зардал гаргасан.

-Нууц биш бол энэ мөнгийг яаж олдог вэ?
-Тэтгэвэрт гарснаасаа хойш мөнгө олох гэж олон төрлийн бизнес хийж үзсэн.
Микроавтобус барилаа. Мөн Туулын эрэг дээр явуулын цайны газар нээж хуушуур хийсэн. Дарь-Эхэд машиний гарааш барьж, Да хүрээ захад хүний дэлгүүр ажиллуулж байсан гээд яривал олон юм байна. 100-н айлын паспортын хэлтсийн баруун талд ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй байх үед анх хашаа авч вагончик тавиад сэлбэгийн дэлгүүр, цайны газар нээж ажиллуулж байсан. Тэнд одоо маш олон хүний бизнесийн орчин болж амьдралыг нь тэтгэж байна. Хүүхдүүд миний бизнесийг үргэлжлүүлж байгаа. Амьдралын энгийн хэрэгцээтэй илүү гарсан хэдэн төгрөгөө энэ ажилдаа зориулдаг юм. Мөнгийг би ямар өвөртлөөд үхэх биш үр хүүхдүүдийнхээ амьдрах орчныг сайжруулъя л гэж бодох юм. Хүүхдүүд шороо тоосгүй газар тоглож гүйлдэж байгааг хараад сэтгэл тэнэгэр явдаг. Би ч гэсэн ач зээгээ тоглуулаад ногоогоо усалж байхад сайхан үнэртээд сэтгэл тэнэгэр байдаг юм.

-Таны хийсэн энэ их ажлыг оршин суугчид болон дээд газар ойлгож, дэмждэг үү?
-Одоо үеийн хүүхэд залуучууд цэцэг таслаж, мод хугалахгүй их ухамсартай болсон. Энэ л миний хувьд их том шагнал болдог. Манай байрны нэг залуу миний энэ ажилд гар бие оролцон тусалдагт баярлаад түүнд тэтгэврээ өгчихдөг юм. Мөн дүүргээс их дэмждэг. Чингис хааны 800 жилийн ойн медаль, Нийслэлийн 365 жилийн ойн шагнал, болон мөнгөн шагналаар шагнасанд их баярлаж явдаг.

-Одоогоор таны хийж байгаа ажил юу вэ?
“АПУ” ХХК-аас “Амьдрах орчноо сайжруулъя” төслийн уралдаан зарласан. Энэ уралдаанд өөрийн хийсэн хэдэн жилийн ажлаараа оролцож байгаа.

-Гадаа хүлэмж байсан. Энэ бас таны хийсэн ажил мөн үү?
-Тийм ээ. Энэ хүлэмжинд 6000 орчим цэцэг үрслүүлж өөрөө хэрэглээд зогсохгүй Сансар хорооллын СӨХ-үүдэд тараасан.

-Та энэ модны суулгац, үрээ хаанаас авдаг вэ?
-Сэлэнгийн Шаамараас авдаг. Мөн хороо дүүргээс ч өгдөг. Сонинд ярилцлага өгч байгаагаа ашиглаад үргэлж бодож явдаг зүйлээ хэлмээр байна.
“БНСУ-д жилдээ нэг удаа бүх нийтээр мод тарих өдөр болдог юм гэсэн. Монголд ийм хөдөлгөөн өрнүүлмээр байна. Хүн бүр мод тарих завгүй байдаг ч бизнесмэн, эрх мэдэл бүхий хүмүүс над мэтийн хүмүүст хандвал хамтарч ажиллахад бэлэн байна. Миний утас: 99759980, 460228 Мод тарих, орчноо цэцэрлэгжүүлэхэд мэдлэг дутвал надад хандаарай.

-Таны сэтгэл дундуур явдаг зүйл юу вэ?
-Гадаад дотоодын хөрөнгө оруулалт гээд ганц хоёр өдөрт л бужигнаад мод тарьчихдаг. Энэ бол учир дутагдалтай юм. Тэгээд тарьсан зарим мод нь ургахгүй үхчихдэг. Модыг анх тарихдаа хөрсний боловсруулалтаа сайтар хийж тарьчихаад түүнийгээ марталгүй арчилж хашаа хамгаалалт сайн хийхгүйн улмаас ялангуяа өвөлд, мод гэмтэж их хугардаг. Өвөл нь зам хальтиргаатай байна гээд замруу давс цацдаг. Энэ давстай цасаа цэвэрлэх нэрийдлээр мод зүлэг ургах газар луу хийчихдэг нь маш буруу юм аа. Миний энэ ажилд хань ижил үр хүүхдүүд оролцож тусалж дэмждэгт их баярладаг. Бүх ажлыг би ганцаараа хийчихээгүй юм. Ингээд энэ бүхний эцэст бид бүгдээрэй Улаанбаатараа ногоонбаатар хот болгох боломж бид бүхэнд байна гэдгийг дахин дахин хэлмээр байна.