Монголд маань ажиглагддаг зарим нэг "гаж" гэж хэлж болох зүйлсийн талаар өмнө нь нэг бичиж байсым. Тэгээд үргэлжлүүлнэ гэж хэлснээрээ хэдхэн зүйл нэмье.
- Эмнэлэгт уг нь эмчлүүлэх гэж очдог байтал, харин ч эсрэгээрээ өвчин аваад буцдаг болж ээ:
Манай эмнэлэгүүдийн эрүүл ахуйн байдал хангалттай сайн биш, дээр нь эмнэлэгт дандаа өвчинтэй хүмүүс очдог болхоор эмнэлэг гэж төрөл бүрийн өвчний нянгуудаар дүүрсэн газар болдог бололтой юм. Тэгээд эмчлүүлэх гэж очсон өвчтэй, сул дорой биетэй хүмүүс өвчин дээрээ нэмээд өөр өвчин тусчихдаг гэнэ. сануулж хэлхэд, ялангуяа ханиад хүрсэн биеийн эсэргүүцэл сул байх үедээ тэдгээр чанаргүй эмнэлэгүүдээр явах нь дэмий гэнэ шүү.
- Их дээд сургуульд, бүр дунд сургуульд ч ялгаагүй оюутан сурагчид маань хичээлийг биш авилгалыг сураад төгсөх юм:
Бид нар авилга, хээл хахууль гэхээр л нөгөө муу улс төрчид, төсвийн байгууллагийн ажилчидыг л дурьддаг. Тэд их хэмжээгээр авилга авдаг бол, манай нөгөө ардын багш нар чинь олуулаа авилга авч нийт хэмжээгээрээ нөгөө хэдтэйгээ хүчтэй өрсөлддөг байна. Бас дээр нь мэргэжлийн авилгачдыг бэлтгэж байна. Монголын аймаг хотуудад хийсэн нэгэн судалгаагаар, судалгаанд хамрагдагч нийт авилга өгөгчдийн 36% нь "багш"-д авилга өгсөн гэсэн гэнэ.
- Машинд нь суухдаа аваарын бүсээ бүсэлвэл "сүртэй Сүнжидмаа вэ" гэсэн нүдээр харах нь элбэг байдаг шүү. Монгол хүний гүндүүгүй зан гээл юм болгон дээр тэр зангаараа хандах гээд байдаг бололтой:
Нэг удаа такси бариад, урд суудалд нь сууж бүсээ бүсэлвээ. Тэгээд таксинаас буугаад хартал цагаан цамц маань бүслүүрний ороор хав хар болчихсон байж билээ. Тэгээд бодхоор бараг хүн болгоны сууж байдаг таксинд бүслүүр ашигладаггүй юм бол үлдсэн хичнээхэн хувь нь аваарын бүслүүрийг аврах бүслүүр ёсоор нь ашигладаг юм бол доо. Энд нэмээд дурьдхад, үүнд тэр гүндүүгүй зангаас гадна "санаа зовох" буюу нэрэлхүү зан бас нийтлэг байдаг байх.
- Давсаг чангатайгаас гадна, заваан "цэвэрч" Монголчууд
Даяарчлалд хөл тавьсан ч, жорлон дээрээ зогсдог Монголчууд:
УБ-д нийтийн бие засах газар олох гэсээр "ЮБи"чүүд (Улаанбаатарчууд [нээрээ нэрээ өөрчлөөд Утаанбаатарчууд болчлуу?]..) маань давсаг чангатай болсон гэцгээдэг. Гадуур жорлон олох гэж ингэж зовдог юм байж маргаашаа бодохгүй олдсон хэдийгээ олдсон дээр нь хайр найргүй ашиглахыг нь яана. Хувийн ариун цэвэрээ бодож байгаа нь гээд суудаг жорлон дээр зогсож бие засна. Эмэгтэйчүүд хүртэл өндөр өсгийтэй гуталтайгаа суултуур дээр нь гишгэнэ. Хүн болгон гишгээд байхаар бохир байхаас ч яахав. Харин хүн болгон арчаад цаасаа дэвсэж суугаад байвал арай л өөр баймаар юм. Банзан жорлон дээр гишгэж биеэ засдаг эртний дадлаасаа салаагүй байгаа юм болов уу?
... За баахан машины бүс, жорлонг хэрхэн зөв ашиглах талаар гарын авлага биччих шиг боллоо (хэхэ). Гэхдээ мэдээж энэ бол зүгээр нэг жижигхэн жорлон ванн, жалга хонхорын асуудал биш өнөөгийн Монголчуудын ерөнхий сэтгэлгээ, ухамсар, хөгжлийн болохгүй байгаа асуудлуудын хэдхэн жишээ шүү дээ.
Өөр ингэж жишиг болоод хүмүүс бүр анзаархаан ч больсон иймэрхүү гаж зүйлс зөндөө л байдаг даа. Та бас нэмэрлээрэй.