БНСУ–д суралцагч Монгол Оюутны Холбоо (СМОХ)-оос зохион байгуулж байсан доорх гарчиг бүхий зохион бичлэгийн уралдаанд бичиж байсан эссэгээ хуваалцъя:
“Монгол улсын хөгжлийн төлөө хилийн чанадад сурч буй миний хэлэх үг”
Монгол улсын маань хөгжилийн төлөө олон ч жил олон ч хүн ярьсаар ирж байна. Мэдээж тэр их ярьсан хүмүүс дотор дорвитой юм хийж бүтээсэн нь цөөнгүй байгааг дурьдах юун. Гэхдээ дорвитой хийгдсэнээсээ дорвигүй хийгдсэн ба ор хийгдээгүй нь их болоод өдийг хүртэл бид ярьсан хэвээр л байгаа хэрэг биз. Ингэж их ярихдаа бид зөвхөн улс төр, эдийн засаг гэх мэт нийгмийн хөгжилийн талаар л үргэлж авч хэлэлцдэг. Харин энэ удаа байнга яригддаг нийгмийн хөгжилийн талаар биш хүн ардын, иргэн хүний хөгжлийн талаар цухуйлгая гэж бодлоо. Улс төрч, эдийн засагчдад хандаж биш, өөрийн адил бусад иргэн хувь хүмүүстээ хандаж бичье гэж зорилоо.
“Хүн бол нийгмийн бүтээгдэхүүн мөн” гэсэн хуучирсан гэж хэлж болох үг байдаг. Энэ үг тухайн социалисмынхаа үед бол үнэн үг байсаан. Харин өнөө үед “Нийгэм бол хүний бүтээгдэхүүн” гэж ярих болж ээ. Өөрөөр хэлбэл, ард түмэн бид нар улсын маань толгойд байгаа хүмүүсийн нийгмээ хөл дээр нь босгох цагийг хүлээгээд, тэдний юу буруу хийж байгааг нь хараад, юу хийхгүй байгаад нь бухимдаж өөрсдийнхөө нервийг барж, эд эсээ үхүүлж байхын оронд, энэ нийгмийг бүрдүүлж байгаа эздийн хувьд бид өөрсдөө энэ нийгмээ өөрчилж, сайжируулж, өөрсдөө сайн сайхан нийгмээ “бүтээх” цаг болж ээ.
Яаж вэ гэхийн өмнө яагаад вэ гэсэн асуултанд хариулья. Улс орны хөгжлийн талаар яригдах үед эдийн засаг, улс төр нийгмийн асуудлуудын талаар ярих нь мэдээж байх ёстой зүйл. Гэвч өөр бас нэг өнцөгөөс хараад үзвэл, материаллаг байдлын хувьд бол Монгол маань тусгаар тогтносон улс болсоноосоо хойш өдийг хүртэл хөгжөөгүй биш мэдээж хөгжисөн, дэвшсэн. Бид ардчилал гэгч шинэ “соёл иргэншил”-д алхан орж, зах зээл гэгчид нь хөл тавьсанаар гэнэтийн өөрчлөлтөд өртөж одоо ийм зутруу байдалтай байгаа гэж мэддэг хүмүүс нь оношлоод байгаа шүү дээ. АНУ ч цагтаа 1930-аад оны үед эдийн засгийн их уналтад орж л байсан. Тиймээс аль ч улс оронд хөгжил шууд ирчдэггүй, замнах ёстой замаа туулаад явна. Бид ч мөн туулаад л явж байна, хөгжөөгүй биш хөгжөөд л явж байгаа.
Улс орны хөгжөөгүй байгаа, төр засагчидын уйваагүй байгаа байдлаас болж Монголын ард иргэд дор бүрдээ уур уцаартай, бухимдалтай ажиллан аж төрж байна гэж олон хүмүүс үзээд байгаа. Харин иргэн та улс орны энэ байдлыг харж хоосон гасалж, уур бухимдлаа өөртөө болон өрөөлд гарган ийнхүү өдөр бүрийг бүрхэгээр өнгөрөөх хэрэгтэй гэж үү?! Таны ингэж өнгөрөөсөн өдөрүүд эцэст нь таныг ямар ч хэрэггүй зүйлд санаагаа зовоон сэтгэл хангалуун бус буюу аз жаргалгүй амьдралаа өнгөрөөхөд хүргэнэ шүү дээ. Ингэж санаа зовох нь яагаад ямар ч хэрэггүй зүйл вэ гэсэн гэхээр, өмнө хэлсэний адил, та санаа зовсон ч бай зовоогүй ч бай улс маань хөгжих л болно. Хөгжиж байгаа энэ цаг үед амьдарч байгаагийн хувьд та бид энэ хөгжилд нь оролцож ч болно, эсвэл өөр хэн нэгэн хийх л болно. Хэн ч хийсэн бай та өөрийн энэ амьдралаа бүрхэг биш гэгээлэгээр өнгөрөөх хэрэгтэй. Та бид хамтдаа энэ нийгмээ бүрхэг биш гэрэлтэй байлгах хэрэгтэй. Харин яаж вэ?
Иргэн хүн та оюутан залуу нэгэн байж болно эсвэл нийтийн тээврийн мөнгө хураагч нэгэн байж болно. Та жижиг бизнес эрхлэгч байж болно эсвэл банкны үйлчилгээний ажилтан байж болно. та хэн ч бай, энэ нийгмийн уур амьсгалыг дулааруулья гэвэл өдөр тутмын жижиг үйлдлүүдээс л та бид эхлэх нь зүйтэй. Энэ жишээнүүд дээр аваад үзье л дээ. Залуу та “яс юман дээрээ” төрийн буруугаас болж биш өөрийнхөө залхуурлаас болж мөнгөгүй автобусанд орж ирчээд кондуктортай зодолдож хоёр биенээ зовоох хэрэгтэй юу? Та кондуктор ч мөн ялгаагүй ядарсан нэгнийг автобуснаасаа өшигчин гаргаж, хэрүүлч хүний жишээ загвар болж яригдах нь сайхан гэж үү? Мөн банкны ч бай юуны ч бай нийтийн үйлчилгээний байгууллагын ажилтан та амьдрахын төлөө зүтгэж байгаа ард иргэдийнхээ алтан цагаас нь хороож дэмий хүнд суртал гаргахын шалтгаан нь яг юу вэ? Бизнес эрхлэгч эсвэл дэлгүүр ажиллуулагч та нийгмийнхээ байдалд сэтгэл дундуур байгаа хэрэглэгч иргэддээ яагаад халуун дотноор эелдэг үйлчилж болохгүй гэж. Энэ хэдхэн жишээг базаад, нэг үгээр хэлвэл, нэг хип хоп дуучины дуулсанаар бид “Баярлалаа гэж хэлэх болгонд сүртэй юм гэж шоолж, Уучлаарай гэдэг үгэн дээр хорголоо тоолж” байдаг. Энэ энгийн жишээнүүд бол зүгээр нэг бидний өдөр дутмын харилцааны соёл төдийхөн биш юм, энэ бол иргэн хүний ХӨГЖИЛ, энэ бол бидний амьдарч байгаа нийгмийн ч ХӨГЖИЛ мөн.
Ирээдүйгээ эерэгээр төсөөлж амьдрах нь, ирээдүйгээ сөрөгөөр бодож амьдрахаас хэд дахин илүү үр дүн, амжилтыг авчирдаг гэдэг бол яах аргагүй үнэн үг. Тиймээс бид бүгд маргаашаа сайхнаар бодож өдөр бүрийг эерэг байлгаж, бусадтай халуун дулаанаар харьцаж, өөрсдийн ажил амьдралаа ийн хэвшүүлж чадвал та бидний хувийн амьдрал, бидний болон үр ач нарын маань нийгэм, амьдрах орчин сайн сайхан болох нь гарцаагүй.
Та ганцаараа үүнийг хэрэгжүүлээд, бусад нь хийхгүй бол яах вэ гэж бүү бодоорой. Та ингэж эерэг дуулаан байдалтай байсанаар ядаж л та өөрөө энэ амьдралын өдрүүддээ бухимдалгүй байх болно. Таны ойр дотныхон ч таны тэрхүү дотоод дулааныг чинь авах болно, бас суралцах болно. Цаашлаад тэд бусаддаа ч нөлөөлнө. Бодит байдал дээр, хэрэв та ингэж байж чадвал таны дэлгүүрт илүү их худалдан авагч ирэх болно, та ч баяртай, тэд ч баяртай байна. Хэрэв та ийм сэтгэлээр хоол хийдэг бол таны гуанзанд илүү олон хүн орж ирдэг болно. Та ч амжилттай байна, таны сайхан сэтгэлээр хийсэн хоолыг идсэн иргэд ч ажилаа хийхдээ эрч хүчтэй байх болно. Тиймээс “гоочлох тусам нь би улам өнгө орон гялалзах болно” гэдэг шиг та одоо байгаа нийгэмд дийлдэлгүй, өөрийнхөө болон таныг хүрээлэн байдаг бусдынхаа эерэг дулаан уур амьсгалтай амьдралын төлөө улам өнгө орж, өөдрөг байн гялалзаарай.
Тиймээ, бид нийгэмдээ дийлдэж, энэ болохгүй байгаа нийгмээсээ болж өөрсдийн амьдралаа бүрхэг, сэтгэл дундуур байлгаж, нийгмийнхээ бүтээгдэхүүн нь байх биш, бид өөрсдөөсөө эхэлж, өөрсдийн орчин тойрондоо нөлөөлж, ингэснээрээ энэ нийгэмдээ гэрэлтэй сайхан амьпралын үрийг тариж, бусадтайгаа хамт түүнийгээ ургуулан, энэ нийгмээ өөрсдийн бүтээгдэхүүнээ болгох цаг ирсээн.
“Ганц эелдэг үг бүтэн өвлийг дулаан байлгаж чадна”
~ Япон ардын зүйр үг ~
тэгвэл,
"Та бидний ганц ЭЕРЭГ үйлдэл бүхэл бүтэн нийгмийг ч дулаан болгож чадна"